EYS-Mongolia-ийн Лхагвасүрэн байна.
Өнөөдөр 7 сарын 29. Энэ сар хур ихтэй байлаа. Наадмын өмнөөс бороошиж, бүр үерлэв.
Энэ зун гэр бүлийн хамт Тайхар чулуу, Чулуутын хавцал, Тэрхийн Цагаан нуур, Өгий нуур, Эрдэнэзуу хийд рүү аяллаа. Нийт 1400 км замыг 4 хоногт туулав. Эх орныхоо байгалийн сайхныг дахин нэг биширч, хосгүй энэ нутагт хүмүүсийн аж амьдрал, ахуй соёл өнө мөнхөд үргэлжлээсэй хэмээх бодолд хүчтэй автаж явлаа. Яг энэ үед Харари хэмээх еврей эрдэмтний бичсэн “Sapiens Хүн төрөлхтний товч түүх” номыг уншиж дуусгав. Уг номд хүн төрөлхтний түүхийг маш товч, сонирхолтойгоор хүүрнэж, сүүлийн 500 жилд дэлхий, хүний амьдрал маш хурдтайгаар өөрчлөгдөж буй үндсэн шалтгааныг шинжлэх ухаан гэж бичсэн байна. Үнэхээр чиг хүн төрөлхтөн цаашид улам хурдан өөрчлөгдөх нь дамжиггүй болжээ. Харин монголчууд бид, нүүдэлчин соёл маань энэ том өөрчлөлтүүдэд хэрхэн дасан зохицох вэ? Юу бэлдэх вэ? Тухайлбал, хиймэл оюуны технологи бидний амьдралд, нүүдэлчдийн амьдралд ямар өөрчлөлтүүдийг авч ирэх боломжтой талаар хэсэг бодож үзлээ. Жишээ нь, роботууд мал маллаж, хонь үнээ сааж, тарвага агнаж, морь унах уу? Мөн Монгол наадамд хэзээ робот зодог шуудаг өмсөж, наадмын түрүүг авах вэ? Ерөөсөө Монгол наадмыг шинжлэх ухаан, технологийн наадам болгож болдоггүй юм болов уу? Зөвхөн эрийн гурван наадам, уламжлалт спорт төдийгүй бусад сонирхолтой хэлбэрээр Монгол наадмыг Дэлхийн шинжлэх ухааны өрсөлдөөний талбар болгох боломж бий юу? гэсэн бодол төрсөн сайхан наадам байлаа.